ХОВД: Хууль бус агнуур, байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хууль бус агнуур, байгаль орчны
эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд
таван байгууллагын хамтарсан хяналт шалгалтын ажил эхэллээ.
Өнөөдөр мэргэжилтнүүд хот хооронд
зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, жолооч, зорчигчдод хууль
бусаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхгүй
байхыг зөвлөлөө.
Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний дагуу хамтарсан хяналт шалгалт 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
Байгаль орчин, Цагдаагийн газар,
Зоонозын өвчин судлалын төв, Авто тээврийн төвийн ажилтнууд болон байгаль
хамгаалагчид эрсдэл бүхий газруудад эргүүл, хяналтын цэг гаргана.
Мөн иргэдэд тарваган тахал, бусад байгалийн голомтот өвчнөөс урьдчилан
сэргийлэх, байгаль орчны эсрэг зөрчил гаргахгүй байх талаар зөвлөмж, мэдээлэл
түгээх юм.