ӨМНӨГОВЬ: Шилдэг тамирчдыг хоёр өрөө байраар шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит бус 17 дугаар
хуралдаанаар шилдэг дөрвөн тамирчинг хоёр өрөө байраар шагнах шийдвэрийг
гаргажээ.
Өмнөговь аймгийн харьяат шилдэг тамирчин Б.Мөнхболд, Б.Батсуурь, Б.Өлзийбат, З.Баярт нарт хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгөх үйл ажиллагааг 2024 оны наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн хэмжээний тэмцээнд аймаг орон нутаг цаашлаад улс, эх орноо төлөөлөн оролцож,, амжилт үзүүлэхээс гадна сүүлийн жилүүдэд шинэ залуу тамирчдыг бэлтгэн улсын дээд лиг, олон улсын тэмцээнд оролцуулж дараалсан амжилтын эздийг төрүүлж буй гавьяатнууд юм.
Мөн ОУХМ Б.Мөнхболд, Спортын мастер Б.Батсуурь
нарыг Өмнөговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг энэ үеэр Өмнөговь
аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж нар гардуулан
өгч, баяр хүргэлээ.