VOA:Ангарагийн хөрсөн доор далай байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-08-13 14:16:28

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 13 /VOA/. Ангараг гаргийн хөрсний гадаргаас 10-20 км-ийн гүнд их хэмжээний ус байх магадлалтай гэж Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд бичжээ.


Ангараг гараг дээр Дэлхийн далайтай тэнцэх хэмжээний ус байж магадгүй гэж судлаачид мэдэгдсэн байна. НАСА-гийн InSight газардагч аппаратын 2018-2022 онд Ангараг дээрээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн дээрх дүгнэлтийг хийжээ. Уг аппарат нь сейсмометр зэрэг багаж хэрэгслийнхээ тусламжтайгаар Ангарагийн 1300 гаруй газар хөдлөлтийг бүртгэсэн юм.


InSight-ын цуглуулсан мэдээлэлд үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийж буй судлаачид газар хөдлөлтийн долгионы мэдээллийг ашиглан долгион ямар төрлийн материалуудтай тулгарч байгааг тодорхойлох боломжтой болжээ. Уг судалгаанд оролцсон Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Майкл Мангагийн ВВС телевизэд мэдээлснээр, судлаачид Ангараг гаргийг судлахдаа Дэлхий дээр ус олохын тулд ашигладагтай ижил арга техникийг ашигласан байна.


Улмаар Ангараг гаргийн гадаргуу дээр олон тэрбум жилийн өмнө гол мөрөн, нуур, магадгүй далай хэлбэрээр их хэмжээний ус байсан гэж таамаглажээ. Судлаачдын үзэж буйгаар, уг гаргийн агаар мандал нимгэрч, усны зарим хэсэг нь газарт нэвчиж, үлдсэн нь сансар огторгуйд уусан алга болсноор 3 тэрбум жилийн өмнө Ангараг гараг цөл болж хувирчээ. М.Манга хэлэхдээ, Улаан нүдэн гаргийн талаарх хамгийн том асуултуудын нэг болох Ангарагийн бүх ус хаачсан бэ гэдэг асуултад энэхүү шинэ судалгаа хариулт өгч байна гэлээ.


Ангараг дээр ус байгаа гэдэг нь автоматаар энэ гараг дээр амьдрал байдаг гэсэн үг биш. Харин бидний олж мэдсэн зүйл бол амьдрал байх боломжтой орчин байгааг харуулж байна” гэж Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн Скриппс далай судлалын хүрээлэнгийн геофизикч, судалгааг ахлан явуулсан Вашан Райт Associated Press агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Ангараг гараг ​​дээр ус байгаа эсэхийг маргаангүйгээр батлахын тулд өрөмдлөг болон бусад даалгаварт зориулсан багаж хэрэгслүүд шаардлагатайг судлаачид онцолсон байна.

 


相关新闻