Монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-01 14:21:14

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлал албан ёсоор эхэллээ.


Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад харилцааны яаман дээр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар ганцаарчилсан уулзалт хийж, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм. Улмаар хоёр талын хэвлэл, мэдээллийнхэнд хандан хамтарсан мэдээлэл хийв.


Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, “Намайг Гадаад харилцааны сайдаар улиран сонгогдсоноос хойших хүлээн авч буй анхны гадаад айлчлал нь энэ байлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хийж байгаа айлчлал манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна. Бид албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөрш болохыг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт гүнзгийрүүлэх, хөгжүүлэх боломжийн талаар нэлээд бодитой, тодорхой зүйлүүдийг ярилаа. Мөн бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Бидний ярианы найрсаг уур амьсгал дунд болсон бөгөөд хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна” хэмээн онцолсон юм.


Тэрбээр цааш үргэлжлүүлэн ярихдаа “Манай хоёр улсын харилцаа түүхэндээ хамгийн оргил үедээ хүрснийг тэмдэглэх нь зүйтэй. Бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах ёстой талаар ярилцаж, АНУ-аас олон компани, аж ахуйн нэгж манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Төрийн бичгийн дарга Энтони Блинкенээр дамжуулан илэрхийлсэн байна. Энэ удаагийн айлчлалын дүнд Монгол Улс англи хэлийг хоёр дахь хэлээрээ сонгосныг үндэслэн АНУ-аас манай улсад сургалтын төв байгуулах шийдвэр гаргаснаа дуулгалаа. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулан монгол, англи багш нарыг сургах, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарахаа хэллээ. Мөн хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр орны хооронд 2020 онд байгуулсан Хүүхэд хамгааллын компакт гэрээг сунгах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрлээ” гэв.


Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, “Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг таныг элэгсэг дотноор хүлээн авсанд баярлалаа. Бид хэд хэдэн асуудлаар яриа, хэлэлцээр хийлээ. Энэ бол Энэтхэг, Номхон далайн бүсэд хийж буй миний 18 дахь айлчлал юм. Өнөөдөр бүх талын асуудлаар илүү нягт холбоотой болж байна. Мянганы сорилтын сангийн Усны компактын дагуу түншлэлээ улам үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх юм. Бид Монголын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулиудын оюутнуудад англи хэлийг төгс сургах хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Энэ төвийг бид Их Британи, Австрали, Канад болон "Google"-тэй хамтран хэрэгжүүлнэ. Төслийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно.

Өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үр дүнд хийсэн гэрээгээр хоёр улсын худалдаа болон аялал жуулчлалын салбар илүү өргөжнө. Түүнээс гадна нэмж нэг зүйлийг хэлэхэд манай улсад хэдэн мянган монголчууд ажиллаж, суралцаж байна. Үүний нэг жишээ нь танай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ. 


Шашин шүтлэг, эмзэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад цаашид анхаарна. Тэр тусмаа хүний наймааны хохирогч болсон болсон хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Бид өдөр бүр Америк, Монголын харилцааг шинэ шатанд гарч буйг харж байна" хэмээн ярилаа. 





相关新闻