Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Улаанбаатар хотноо Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байна.
Зүүн Азийн орнуудын Улаан загалмайн удирдагчид жил бүр уулзаж, бүс нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэн, үйл ажиллагааны шилдэг арга туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах чиглэл, тэргүүлэх зорилтуудаа тодорхойлдог.
Энэхүү уулзалт нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар
хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг Үндэсний нийгэмлэгүүд, Олон улсын Улаан загалмай
хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны
хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэгтгэж, аливаа хямралыг даван туулах бэлэн
байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг
бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаад Зүүн Азийн эн тэргүүнд хэрэгжүүлэх дэд зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн, бүс нутаг, дэлхий нийтийн амлалтуудтай уялдуулан, Үндэсний нийгэмлэгүүдийг Зүүн Азийн илүү хүчирхэг хамтын ажиллагаатай болгох, Зүүн Азийн хүмүүнлэгийн талаар санал бодлоо солилцоно. Мөн уур амьсгал, гамшгийн бэлэн байдал, залуусын оролцоо, эмэгтэйчүүдийн удирдлага, хөгшрөлт болон үндэсний нийгэмлэгүүд энэ бүс нутагт тохиолдож болзошгүй мега-гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцэж, олон янз байдал, оролцоо, ил тод байдлыг сайжруулж бэхжүүлэх талаар удирдагчдын дунд стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэх нь тус дөхөмтэйг уулзалтад оролцогчид тэмдэглэж байлаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард БНСВУ-ын нийслэл Ханой хотноо
болсон “Ази, Номхон далайн бүсийн Улаан загалмай Улаан хавирган сар
нийгэмлэгүүдийн 11 дэх удаагийн бага хурал”-аас Ханойн уриалгыг баталж, хэрэгжүүлэхэд
анхаарч байна.
Дэлхий дахинд болон манай бүс нутагт өнөөдөр урьд өмнөхөөс
илүү хүмүүнлэгийн хэрэгцээ үүсэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан
зохицох, байгалийн томоохон гамшиг, аюулт үзэгдэлд бэлэн байх, урьдчилан
тооцоолж, эрт хариу арга хэмжээ авах чадавхиа бэхжүүлэх нь тулгамдсан асуудал
болж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс
орнуудын нэг бөгөөд хэт хүйтрэлт, удаан үргэлжилдэг хатуу ширүүн өвөл, зуд, ган
гачиг, гал түймэр, цасан, шороон шуурга, үер усны гамшиг, байгалийн аюулт
үзэгдэл байнга тохиолдож байна. Өнгөрсөн өвөл Монгол оронд тохиолдсон зудын
гамшгийг даван туулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар
нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүд, тухайлбал БНХАУ-ын Улаан
загалмай нийгэмлэг, Японы Улаан загалмай нийгэмлэг, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгээс
бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ.
Удирдагчдын уулзалтын өмнө энэ сарын 25-30-нд
Улаанбаатар хотноо Зүүн Азийн Улаан загалмайн Залуучуудын зуслан цугларалт,
Залуучуудын сүлжээний уулзалт болж өндөрлөсөн юм.
“Хүүхэд
залуусын гамшгийн бэлэн байдлын талаарх мэдлэг, ур чадварыг тасралтгүй нэмж,
тэдний хөгжилд хөрөнгө оруулж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Улаан загалмайн
шийдвэр гаргах бүх түвшинд залуусын оролцоог хангахад Үндэсний нийгэмлэгийн удирдагчид
онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй”-г Гадаад харилцааны сайд
Б.Батцэцэг тэмдэглэв.
Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалтад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн захирал Балтхасар Стэйхэмил, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чулсоо Ким, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Атсуши Сэйкэ, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Ванг Рин нарын хүндэт зочид оролцож байна.