ДОРНОГОВЬ: Дэлгэрэх сумын 100 жилийн ой тохиолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 15-16-нд боллоо.
Ардын засгийн газраас 1923 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм” гаргаж засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Говь мэргэн вангийн хошууг жижигрүүлэхэд Богд Хан уулын аймгийн Их дулаан уулын хошууны анхны сумын нэг болж 1924 онд Дэлгэрэх аварга нэртэй байгуулжээ.
Дорноговь аймаг шинээр байгуулахад 1931 оны хоёрдугаар сарын 7-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тавдугаар тогтоолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сум болон одоогийн засаг захиргааны хуваарийн дагуу өөрчлөн байгуулсан түүхтэй. Засаг захиргааны нэгжийн хувьд Цагаанхад, Аманшанд, Бумбат, Хонгор гэсэн дөрвөн багт хуваагдахын сацуу 601 өрхийн 1950 орчим хүн ам оршин суудаг.
Сумын шилмэл омгийн “Дэлгэрэхийн улаан” ямаа, хурдны угшлын Галсанбанди, Дэндэв тайж адуу, аймгийн есөн гайхамшгийн нэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “Цонжийн чулуу”, Монголын найман үеийн отчийн авшиг шингээсэн “Жингэр тэмээтийн уулын агуй”, “Маналын найман суварга” зэрэг түүх дурсгалын газрууд олон бий.
Сумын ЗДТГ-аас түүхт
ойгоо угтаж нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, сумын төвд морины хөшөөний
цогцолбор байгуулах зэрэг олон ажлыг гүйцэтгэжээ.
Баяр наадмаар зургаан насны морь уралдаж, 64 бөх
барилдлаа.