Шагайн харвааны хамгийн залуу харваачаар 6 настай Н.Тэмүүлэн оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/.Тулгар
төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр
наадмын Үндэсний шагайн харвааны тэмцээнд нийт 1500 гаруй харваач цэц мэргэнээ
сорьж байгаагаас тэн хагас нь Улсын болон аймгийн цолтой харваачид оролцож
байна.
Тодруулбал, Монгол Улсын даяар дуурсагдах Дархан мэргэн хоёр, Үлэмж дархан мэргэн 40, дархан мэргэн 11, гарамгай мэргэн 26, харшгүй мэргэн 28, өсөх идэр мэргэн 3 харваач оролцож байна.
Үндэсний шагайн харвааны тэмцээнд хамгийн залуу нь Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн өсвөрийн харваач, 6 настай Н.Тэмүүлэн, хамгийн ахмад нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, 84 настай, Монгол Улсын харшгүй мэргэн Г.Цэрэндорж оролцож байна.