Улсын наадамд 10, түүнээс дээш түрүүлсэн харваачид Дархан мэргэн цол олгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-11 15:45:39

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний шагайн харвааны тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн харвааны асарт өнөөдөр морин цагт эхэллээ.



Энэ жилийн баяр наадмын Үндэсний шагайн харваанд 18 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, өсвөрийн 10, ахмадын 20, насанд хүрэгчдийн 97, нийт 127 багийн 1500 шахам харваач цэц мэргэнээ сорьж байгааг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны шагайн харвааны салбар хорооны дарга С.Батболд мэдээллээ.

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд өнгөрсөн наадмаар нийслэл, аймаг орон нутгийн 83 багийн 900 харваач өрсөлдөж байсныг дуулгалаа.


Шагайн харваагаар улсын наадамд 10 болон түүнээс дээш түрүүлсэн харваачид Даяар дуурсагдах дархан мэргэн цолыг олгодог байна. 





Тэрээр, сүүлийн жилүүдэд хилийн чанадад суугаа монголчууд энэхүү наадмаа зорин ирж, цэц мэргэнээ сорьдог болсныг онцоллоо. Тодруулбал, Европын улс орнуудаас гадна Австрали, БНСУ-д шагайн харвааны салбар холбоо байгуулан харваачдын тоо өсөн нэмэгдэж, үндэсний шагайн харвааг түмэн олонд түгээн дэлгэрүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын даяар дуурсах дархан, үлэмж дархан, дархан мэргэн, гарамгүй, харьшгүй, мэргэд цэц мэргэнээ сорьж байна.


ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэгдсэн, монгол үндэсний том өв соёлын нэг шагайн харвааг гадаадын жуулчид, иргэд их сонирхон үзэж байна. Багаар өрсөлддөг үндэсний спортын төрлийн нэг Үндэсний шагайн харваанд сүүлийн жилүүдэд залуучууд, өсвөр насныхан олноороо оролцох болсон нь үндэсний үндсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлж, тээж явах зорилготойг ахмад харваачид хэлж байна.

Шагайн харваагаар улсын наадамд 10 болон түүнээс дээш түрүүлсэн харваачид Даяар дуурсагдах дархан мэргэн цолыг олгодог юм. 

相关新闻