Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-10 12:20:50

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. 


Энэ үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслийн талаар хэлэлцэв. НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлийн есөн байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлэх юм. Үүнд, 

  • Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
  • Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
  • БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
  • Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
  • Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
  • Тахилтын үерийн хамгаалалтын суваг
  • Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
  • Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/  есөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсраад байна. Харин ирэх онд ус их тогтдог байршилд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Үерийн барилга байгууламжтай холбоотой эдгээр төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино” гэв. 


Мөн 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ. Найман байршилд өнөөдрийн байдлаар 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна. 

相关新闻