Богд хааны ордон музейд хосгүй үнэт 21 Дара эх болон сахиус догшдын 100 орчим үзмэрийг дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан “Сахиус догшдын бүжиглэл: Хорин нэгэн Дара эхийн чуулган” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд толилуулж байна.
Тус үзэсгэлэнд Өндөр гэгээний мутрын хийцийн түүх соёлын хосгүй үнэт 21 Дара эх болон Жахар цамд зориулан тусгайлан бүтээсэн уран нарийн хийцтэй сахиус догшдын танка зээгт наамал хүрээ цамын зураг бүтээлүүдийг дэлгэжээ.
1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын
ширээнд өргөмжлөн залах үеэс эхтэй Даншиг наадам Халх Жавзандамбын Их
Хүрээний гол баяр байсан юм. 1811 онд IV Богдын /1755-1813/ үед
"Жахар" цамыг анх гаргаж Даншиг наадамд оруулжээ.
Их хүрээнд IV Богдын үед Дүйнхор дацан буюу Дэчингалав дуган
нээгдэж Шамбалын номлол дэлгэрч, Дэчингалавын урд Аюуш, Цагаан дара эх дэлгээд
сагар жугар хэмээх цам гарч эхэлсэн түүхтэй.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах
цам нь Их Хүрээ Даншиг наадмын гол онцлог юм. Их Хүрээнд гарах цамыг Жахар цам
гэнэ. Жахар цамд Дамдин Чойжоо сахиусны хурал зан үйл голлоно. Дамдин Чойжоо нь
арван хар нүгэл хийснийг буруутгаж, арван цагаан буян хийснийг тэтгэж, буруу
зөвийг ялган салгагч Эрлэг номун хаан юм.
Номын сахиус ба ядам бурхдын зан үйл, шоглин өргөх, сор
залах нууц тарнийн зан үйлүүдийг үйлддэг. "Жахар" нь "төмөр
хот" гэсэн утгатай үг. Жахар цам гэх Эрлэгийн цам нь Ямандаг бурхнаас
аюулт эрлэгүүдийн балгасыг эвдэж, номхотгосон түүхийг харуулдаг.
Хүрээ цамын баг хувцас дэгийг V Далай ламын зохиосон журам
ёсоор Төвөдийн Дашлхүмбэ хийдээс авсан ба Жидорын Хамба Агваанхайдүв Хүрээ
цамын дэгийг 1835 онд Их Хүрээнд зохиосон нь ХХ зууны эхэн хүртэл гарсан юм.
Жахар цамд 21 шанаг, 21 догшид, дөрвөн уулын савдаг, дөрвөн азар, Цагаан өвгөн, Дитогжад гэсэн дүрүүд гарна.
Энэхүү үзэсгэлэнд Жахар цамын монгол дүр болох Лхачинцэрэн гэх Цагаан өвгөний дээл гутал, зургаадай таягийг олон нийтэд анх дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Бурхны шашны хамгаалагч сахиус арван догшдын хөргөөр чимсэн өргөөний өмнө Жахар цам гардаг. Жахар цамд зориулж тусгайлан бүтээсэн уран нарийн хийцтэй маш ховор сахиус догшдын өмсгөл зүүсгэл, танка зураг, зээгт наамал зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Мөн тус үзэсгэлэнгээс Тахилын цам буюу бага цамд гардаг Өндөр гэгээний өөрийн мутрын хийцийн 21 Дарь эхийг үзэж сонирхох боломжтой.