ЗАВХАН: 9 эрдэнэ шингээн урласан Жадамба судар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-25 17:32:17

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд 26 дэсийн 171 судар хадгалагдаж байна.
Эдгээр судраас түүх соёлын ховор нь Жадамба судар юм.

Энэ судрыг Далайнчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан урлаач Балжиннямын Гүрбадам, Уран Чоймбол нар XX зуунд бүтээжээ.


Жадамба судрыг уншихад 9 эрдэнийг шингээн урласан өвөрмөц өнгөөр бичжээ. Эдгээр өнгийн будгийн найрлагад есөн эрдэнийг хонины тархитай хольж наалдамхай будаг гарган урласан байдаг. Усанд урсахгүй, гал тосонд хайлахгүй өвөрмөц тогтоц бүхий барласан ном юм гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.


Жадамба, Банзрагч, Сундуй судар бол монголчуудын эртнээс тахиж шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн хөлгөн судрууд билээ. Жадамба судар Ганжуурын хамгийн эхний боть буюу билиг барамидын аймагт багтдаг Шагжаан чадагч Бурхан багшийн айлдсан хоосон чанарын тухай номлодог, монголоор “Найман мянгат” нэрт судар юм.


Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн монголчууд дээр үеэс Жадамба судрыг гэр орон, сүм хийддээ шүтээн болгож залж байсан уламжлалтай юм.




相关新闻