Туркэд 18 хүн дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-10 10:19:03

АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн өмнөд нутагт аюулаас хамгаалах хүчний шалган нэвтрүүлэх цэгийн орчимд автомашин дэлбэрсний улмаас 18 хүн амиа алдаж, 27 хүн шархаджээ.

Ням гарагт Ирактай залгаа хилийн ойролцоо орших Хаккари мужийн шалган нэвтрүүлэх цэгийн хажууд тээврийн хэрэгсэл дэлбэрсэн байна.

Амиа алдсан хохирогчдын 10 нь цэрэг, найм нь энгийн иргэд байжээ.

Уг халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй боловч Курдын босогчдын бүлэглэл халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж Туркийн албаны хүмүүс сэжиглэж байна.

Туркийн аюулаас хамгаалах хүчнийхнийг онилсон халдлага сүүлийн үед байнга гарч байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Истанбул хотын нисэх онгоцны буудлын ойролцоох цагдаагийн хэсгийн байрны гадаа мотоцикл дэлбэрсэний улмаас 10 хүн шархадсан бол бямба гарагт нийслэл Анкара хотоос холгүй орших газарт Курдын босогчид байж магадгүй хоёр этгээд өөрсдийгөө дэлбэлжээ.

Армийн явуулж буй цэвэрлэх ажиллагааны эсрэг Курдын босогчид хариу дайралт хийж байгаатай холбоотойгоор Туркэд нөхцөл байдал хурцадсаар байна.

Г.Доржханд

 

相关新闻