ЗАВХАН: Орчны агаар, усыг бохирдуулж буй нүхэн жорлонг буулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-20 15:18:55

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт стандарт бус нүхэн жорлонг буулгах, ариутгах ажлыг хийж байна.


Энэхүү ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг багасгах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх тухай” 2024 оны 02 дугаартай албан даалгаврын хүрээнд хийжээ. 


Тухайлбал, Завхан аймгийн төв Улиастай сумын Богд, Чигэстэй гол дагуух эзэнгүй 11 нүхэн жорлонг буулган халдваргүйтгэл хийжээ.


Мөн ойр орчмын хог хаягдлыг нь цэвэрлэж ариутгасан байна.

Дээрх голуудын хамгаалалтын бүсэд оршдог, хөрс, усны бохирдуулагч эх үүсвэр болж буй түр зориулалтаар ашиглаж байсан нүхэн жорлонг ариутган устгаж, дарж булсан нь олон талын ач холбогдолтой юм.

Учир нь ундны ус, голын усыг хамгаалж байгаа юм.


Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тооцсон.

Тодруулбал, хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний хоёроос дөрвөн хувь нь нүхэн жорлонгоос үүдэлтэй юм.


Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлсөөр байна. Тиймээс ашиглаж буй нүхэн жорлонгоо аль болох стандарт шаардлагад нийцүүлэх. Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх. Боломжтой бол нүхэн жорлонгоос татгалзахыг иргэддээ  уриалж байна.  


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.


Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Гэр хорооллын айлуудын 90 гаруй хувь нь ашиглаж буй нүхэн жорлонгоос болж, хөрсний өвчин сэдэрч, түүний уршиг хүн амын эрүүл мэнд тэр дундаа хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж буйг хүн бүхэн мэддэг болох нь чухал юм гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.




相关新闻