Шинэ хороолол барихад шаардагдах 6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгана гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт гурван жилийн өмнө барилга угсралт нь эхэлсэн 1А хорооллын инженерийн шугам сүлжээний ажил хөрөнгөгүйн улмаас саатаад байгаа. Үүнийг Орхон аймгийн удирдлагууд шийдвэрлэхийн тулд барилгын гүйцэтгэгч компанийхантай хэд, хэдэн удаа уулзсан. Энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Орхон аймагт ирэх үед аймгийн Засаг дарга Д.Батлут дээрх асуудлыг уламжиллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1А хорооллын инженерийн шугам сүлжээг барихад шаардлагатай байгаа 6 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгахаа амлалаа. Хэрэв уг хороолол ашиглалтад орвол Орхон аймагт 1230 айл орон сууцтай болно. 1А хороолол нь Орхон аймгийн зүүн дэнжид сүндэрлэх юм. Хорооллын инженерийн шугам сүлжээг татахдаа тус хэсэгт баригдах Бөхийн өргөө, Музей, “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын халаалтыг давхар шийдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ