ӨМНӨГОВЬ: “Сайхны сарлаг” уламжлалт баярыг 10 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-10 09:51:29

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Сайхны сарлаг-2024" уламжлалт баярыг 6 дугаар сарын 8-нд Зүүн сайхан ууланд зохион байгууллаа.

 

Тус баярыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулсан хэдий ч ковид цар тахлаас үүдэн 2 жил, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж 1 жил завсарласан юм.

 

Тиймээс энэ жил 10 дахь удаагаа  ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэлээ.


 



Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил 8 сумын 50 өрхөд 936 сарлаг тоолуулж, тоо толгой нь өсжээ.

 

Сарлагийн баярт 5 сумын 24 өрхийн 400 гаруй сарлагийг оролцуулсан байна.

 

Баярын нээлтэд аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлаг уралдуулах, булгиулах, уулын оргил булаалдах зэрэг тэмцээнийг зохион байгуулжээ.

 


Уламжлалт баярыг гадаадын 200 гаруй жуулчин, дотоодын 2000 гаруй иргэн сонирхон үзэж, мэргэжлийн хөтөч орчуулагч үйл ажиллагааг англи хэлээр орчуулан, жуулчид, иргэдийг ая тухтай байлгах асар майханг барьж, боловсон бие засах газрыг шийджээ.








相关新闻