“Самсунг Электроникс”-ийн ажилтнууд ажил хаяжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-06-07 15:56:40

СӨҮЛ, 2024 оны зургаадугаар сарын 7 /Reuters/. Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компанийн олон арван мянган ажилтныг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл өнөөдөр ажил хаяж буйгаа зарласан нь ухаалаг гар утас, чип үйлдвэрлэгч томоохон компанийн 55 жилийн түүхэн дэх анхны тохиолдол боллоо.


“Цалин хөлс, урамшуулалтай холбоотой хэлэлцээ амжилтгүй болсон тул манай эвлэлийн 28 мянган гишүүн буюу компанийн нийт ажиллах хүчний дөрөвний нэг орчим хувь нь зургаадугаар сарын 7-нд ажил хаялт зарлана” гэж “Самсунг Электроникс”-ийн үндэсний үйлдвэрчний эвлэлээс /NSEU/ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.  


Үйлдвэрчний эвлэлийн зүгээс пүрэв гарагт тохиох бүх нийтийн амралтын өдөр болон баасан гарагт ажиллахгүй байхыг гишүүдээсээ хүссэн байна. Үйлдвэрчний эвлэлийн удирдагч Сон Вумок CNN телевизэд мэдээлэхдээ, өнөөдөр олон ажилтан цалинтай чөлөө авсан бөгөөд нэгэн нэгжид  “бүх ажилтан чөлөө авсан тул орлох ажилтнуудыг томилсон” гэжээ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Сон Вумок өмнө нь “NSEU”-ийн олон гишүүн хагас дамжуулагчийн нэгжид ажилладаг гэж хэлж байсан юм.


Харин “Самсунг”-ийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдээлэл өгөх үеэрээ, нэг өдрийн ажил хаялт нь “үйлдвэрлэл, менежментийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй” хэмээн хэлсэн байна. “Өнөөдрийн цалинтай чөлөөний ашиглалтын хувь хэмжээ өнгөрсөн жилийн дурсан санах өдрийнхөөс доогуур байна гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.


Санах ойн чип үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компанийн хувьд сүүлийн жилүүд хүндхэн өнгөрч байгаа юм. COVID-19 цар тахлын үед компьютерын чипний хомсдол үүссэний дараа дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас хэрэглэгчдийн цахилгаан бараа авах сонирхол сул хэвээр байгаа тул эрэлт буурчээ.


Гэхдээ хиймэл оюун ухааны хөгжлөөс шалтгаалан нөхцөл байдал сайжирч байна. Энэ жил хиймэл оюун ухаан бүхий ухаалаг гар утас зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд худалдаанд гарснаар тоног төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.


Өнгөрсөн сард “Самсунг” эхний улиралд үйл ажиллагааны ашиг нь арав гаруй дахин өссөн гэж мэдэгдсэн юм. Дэлхийн дэвшилтэт микрочипүүдийн дийлэнх хувийг Тайвань, Өмнөд Солонгос гэсэн хоёрхон улсад үйлдвэрлэдэг. Гэхдээ Тайванийн аж үйлдвэр илүү том, илүү давамгайлж байгаа нь Өмнөд Солонгост сорилт болж байна.

相关新闻