“Миний Монгол энтертайнмент” компани Олимпын наадмыг Киргиз улсад шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-07 13:48:04

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Миний Монгол энтертайнмент” компани Киргизийн үндэсний олон нийтийн телевиз /КТРК/-тэй хамтран “Парис-2024” зуны XXXIII Олимпын наадмыг БНКУ-д шууд дамжуулахаар боллоо. 


Өөрөөр хэлбэл, КТРК нь манай улсын “Миний Монгол энтертайнмент” ХХК-иас Олимпын шууд дамжуулалтын дүрсийг хүлээн авна гэсэн үг юм. Энэ нь манай улсын телевизийн салбарын түүхэнд томоохон үйл явдал болж байна. Өмнө нь Монголын телевизүүдээс олон улсын телевизэд Олимпын наадмыг шууд дамжуулж байсан тохиолдол үгүй юм. Энэ хүрээнд “Миний Монгол энтертайнмент” ХХК-ийн захирал М.Уламбадрах болон КТРК телевизийн ерөнхий захирал Болотбек Тиллебаав нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурав.


Энэ талаар “Миний Монгол энтертайнмент” компанийн захирал М.Уламбадрах, “Парисын Олимпыг Ази-Номхон далайн бүсийн 22 оронд дамжуулах эрхийг Японы компани эзэмшдэг. Бид өмнө нь тус компаниас Монголдоо Олимпын наадмыг дамжуулах эрхийг авч байлаа. Тэгвэл төв Азийн Киргиз улсад Парисын Олимпыг дамжуулах эрхийг манай компани авсан. Улмаар багагүй хугацааны хэлэлцээрийн үр дүнд Киргизийн телевиз манайхтай хамтрах гэрээ байгууллаа. Энэ бол Монголын телевиз төв Азийн хэвлэл, мэдээллийн компаниудтай цаашид хамтарч ажиллах шинэ зам тавигдлаа гэж үзэж байна” хэмээн онцоллоо.


Харин КТРК телевизийн ерөнхий захирал Болотбек Тиллебаев, “Энэ хэлэлцээр бидний хамтын ажиллагааны эхлэл байх болно. Цаашид олон чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Парисын Олимпыг дамжуулах албан ёсны гэрээгээ Монгол Улсын телевизтэй байгуулж байгаадаа баяртай байна” хэмээн ярьсан юм.


“Миний Монгол энтертайнмент” ХХК өмнө нь “Токио-2020” зуны спортын наадам, “Бээжин-2022” өвлийн Олимпыг эх орондоо шууд дамжуулан үзүүлж байв. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмыг албан ёсны эрхтэйгээр Монголын спорт сонирхогчдын хүртээл болгож байлаа.


Харин Киргизийн КТРК телевиз нь тус улсын зургаан хот, орон нутгийн долоон аймагт сувагтай, 1000 орчим ажилтан, албан хаагчтай байгууллага аж. Өмнө нь Бээжингийн өвлийн Олимп, Токиогийн зуны Олимп тэргүүтэй спортын томоохон наадам, тэмцээн уралдааныг Киргизэд шууд дамжуулж байсан юм байна. 




相关新闻