Булган аймаг нүүрсээ Шарын голоос авахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн дулаан, цэвэр бохир усны асуудлыг хариуцдаг "Булган мээж" ХХК нь Дархан уул аймгийн "Шарын гол" ХХК-аас нүүрсээ авахаар болжээ.
Өнгөрсөн өвөл Булган аймгийн Сайхан сумын "Илчит металл" ХХК, Өвөрхангай аймгийн "Баян тээг" ХХК-уудаас авч байсан. Гэвч маш их утаа гардаг, ирж очих зам нь хол гэх мэт асуудлаас болж гэрээгээ цуцалсан байна.
Өвөрхангай аймгаас 1 тн нүүрсийг 23 мянган төгрөгөөр авдаг байсан бол, Дархан уул аймгийн Шарын голын нүүрсийг 1 тн - ийг нь 46 мянган төгрөгөөр авахаар гэрээ хийжээ. Үнийн хувьд зөрүүтэй байгаа талаар "Татаж авах зайн хувьд маш их ойртсон, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай" гэсэн мэдээллийг "Булган мээж" ХХК - ы даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Очирбат өглөө.
Өмнөх жилүүдэд Булган аймаг 15-18 мянган тн нүүрсээр өвлийг давдаг байсан бөгөөд энэ өвөл 16 мянган тн нүүрс авахаар төлөвлөөд байна.
П.Батням