Цагаан суваргын ордын төрийн эзэмшил 34 хувь байх зохицуулалтыг тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан
суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу
34 хувь байх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн тус ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг ч оруулсан байна. Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Зэс, молибдений Цагаан суваргын орд газар Дорноговь аймгийн Мандах сумын төвөөс баруун урагш 75 км зайд оршиж, 132.39 га талбайд байрладаг. Тус орд нь 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй юм.