III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2024 оны зургаадугаар
сарын 6 /Reuters/. Их Британийн
хаан III Чарльзын хөрөг
бүхий мөнгөн дэвсгэртүүдийг лхагва
гарагт гүйлгээнд гаргажээ. Тэрбээр хоёр жил орчмын өмнө төрийн тэргүүний
суудлыг залгамжилсан билээ.
Чарльзын хөрөг 5, 10, 20, 50 фунт
стерлингийн шинэ мөнгөн
дэвсгэртүүд дээр гарах бөгөөд
түүний эх, хатан хаан II Элизабетийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүд мөн гүйлгээнд ашиглагдсан хэвээр байх юм.
“Энэхүү арга нь мөнгөн дэвсгэртийг өөрчилж байгаагаас үүдэлтэй байгаль орчин, санхүүгийн нөлөөллийг бага байлгахыг зорьж буй хааны гэр бүлийн удирдамжтай нийцэж байгаа юм” гэж Английн банк мэдэгджээ. Энэ нь олон нийт III Чарльзын хөрөгтэй мөнгөн дэвсгэртийг аажмаар хэрэглэж эхэлнэ гэсэн үг.
Харин хааны
хөрөгтэй зоосыг 2022 оны 12 дугаар сард буюу II Элизабетийг таалал төгссөнөөс хойш
хэдхэн сарын дараа гүйлгээнд гаргасан
юм. Англид хаад, хатдын хөргийг 1000 гаруй жилийн турш зоосон дээр байрлуулж ирсэн боловч II
Элизабет бол Британийн мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн анхны
хатан хаан байв.
Английн банкны
ерөнхийлөгч Эндрю Бэйли лхагва гарагт мэдэгдэхдээ, “Чарльз хааны хөрөг бүхий
шинэ мөнгөн дэвсгэртийг гаргаж байгаадаа бид маш их баяртай байна. Энэ бол түүхэн мөч, учир нь бид мөнгөн
дэвсгэрт дээрх хаан, хатан хааны
хөргийг анх удаа сольж байна”
гэлээ. Хааны хөргийг байрлуулснаас өөрөөр мөнгөн дэвсгэртийн загварт өөрчлөлт оруулаагүй байна.
Сүүлийн жилүүдэд Их Британийн хэрэглэгчид цахимаар төлбөр тооцоо хийхийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор бэлэн мөнгөний хэрэглээ огцом буурчээ. Тодруулбал, 2014 онд дэлгүүрүүдийн гүйлгээний талаас илүү хувийг бэлэн мөнгөний хэрэглээ эзэлж байсан бол 2021 онд 15 хувьд хүрч буурсан байна. Үүнд “COVID-19” цар тахал голчлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 2022 онд нийт гүйлгээний 19 орчим хувьд нь бэлэн мөнгө ашигласан байна.