ӨМНӨГОВЬ: "Батмөнх даян хааны цэргийн үйл хэрэг" сэдэвт илтгэлийн уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Батмөнх даян хааны цэргийн үйл хэрэг” сэдэвт шилдэг
илтгэл шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Батмөнх даян хааны мэндэлсний 560
жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа билээ.
Энэ
ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БШУГ хамтран 15 сумын ЕБС-ийн Түүх, нийгмийн ухааны багш нарын дунд “Батмөнх даян
хааны цэргийн үйл хэрэг” сэдэвт шилдэг илтгэлийн уралдааныг зарлаж, I шатны
шалгаруулалтыг 2024 оны тавдугаар сарын 22-нд, II шатны шалгаруулалтыг тавдугаар сарын 29-ний өдөр хийлээ.
Илтгэлийн уралдаанд түүх, нийгмийн ухааны 36 багш оролцож, 18 илтгэл ирүүлснээс
II шатанд шалгарсан шилдэг 5 илтгэлийг Даян хааны төрсөн нутаг Өмнөговь
аймгийн Хүрмэн сумын Худаг цагаан дэрс хэмээх газарт хэлэлцүүлжээ.
Уралдааны тэргүүн байрт “Батмөнх даян хаан болон Ойрдын харилцаа” сэдвээр Даланзадгад сумын II сургуулийн багш С.Отгонжаргал, дэд байрт Ханбогд сумын I сургуулийн багш Б.Ариунцэцэг, гутгаар байрт тус сумын багш О.Бадамханд, тусгай байрт Даланзадгад сумын IV сургуулийн багш Б.Цэнд-Аюуш, Даланзадгад сумын III сургуулийн багш Б.Ууганбаяр, Ц.Сайнзаяа нар шалгарлаа.
Илтгэлийн уралдааныг зохион байгуулснаар Батмөнх даян хааны монголын цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, цэрэг, дайны байлдан дагуулалтын үйл хэрэг, гавьяа зүтгэлийн талаарх судалгааг олон нийтэд хэлэлцүүлэх, түүхэн баримт, шинэ сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах, ерөнхий боловсролын түүх, нийгмийн ухааны багшаар дамжуулан олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Даланзадгад
сумын “Эрдмийн гэгээ” сургуулийн түүх, нийгмийн багш С.Отгонжаргал:
Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн
ойд зориулан хоёр үе шаттай зохион байгуулсан. Харин хоёрдугаар шатанд
тэнцсэн таван илтгэгч багш Батмөнх даян хааны мэндэлсэн газарт очиж
илтгэлээ тавьсан нь онцлогтой. Миний бие “Батмөнх даян хаан болон Ойрадын харилцаа”
сэдвээр илтгэл тавьж түрүүллээ.
Илтгэлийн гол санаа нь Батмөнх даян хааны өмнөх
жилүүдэд Их Юань гүрэн мөхөж, 1368 онд Тогоон Төмөр хааны үед уугуул нутагтаа монгол хаад эргэн ирдэг. Энэ үеэс Тайж, Чинсан цолтнуудын эрх мэдэл нэмэгдэж
эхэлснээр байнгын тэмцэл үүсэж, монгол төрийн бутарлын үе эхэлдэг. Харин
Батмөнх даян хаан гарч ирснээр эднийг эвлэрүүлж монгол төрийг амар амгалан
байлгаж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнийг хэрхэн хийж хэрэгжүүлж байсныг
тодотгон гаргаж судлахыг хичээсэн.