БАЯНХОНГОР: Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-04 09:50:41
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Салхи хээр тал, говийн нутгаар 7-12 м/с, зарим үед 18 м/с хүрч явган шороон шуурга шуурна.

Нөөлөг салхи гэж аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдлийг хэлдэг. Агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор нөөлөг салхи үүсдэг аж. Нөөлөг салхины зурвас дунд ширүүн салхи, аадар бороо, мөндөр болон хар салхи ч ажиглагдаж болох бөгөөд зурвас нь замдаа тааралдсан бүхэнд аюул учруулж болзошгүй аюултай үзэгдэл юм байна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн нийт нутгаар агаарын температур:
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +17...+22 градус, хээр талын нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, говийн нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +23...+25 градус, өдөртөө +35...+37 градус дулаан байна.
相关新闻