Энэтхэгийн хөрөнгийн биржийн голлох индексүүд өслөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны зургаадугаар сарын 3 /CNBC/. Энэтхэгийн парламентын сонгуульд тус улсын одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди ялах төлөвтэй байгааг "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулсны дараа Энэтхэгийн хөрөнгийн биржийн гол индексүүд дээд үзүүлэлтэд хүрлээ.
Даваа гаргийн арилжааны явцад “Nifty 50“ болон "S&P BSE Sensex" индексүүд 3 гаруй хувиар өссөн байна. Ингэснээр уг хоёр индекс хоёулаа дээд үзүүлэлтэд хүрч, 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш нэг өдрийн арилжааны явцад хамгийн их хувиар өссөн байна.
Ерөнхий сайд Нарендра Моди болон түүний “Бхаратия Жаната” намын тэргүүлсэн эвсэл гурав дахь удаагаа дараалан засгийн эрхэнд гарах магадлалтай байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сонгуулийн санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ.
Тодруулбал, “Бхаратия Жаната” тэргүүтэй Үндэсний ардчилсан эвсэл Энэтхэгийн парламентын доод танхимын 543 суудлын 365 орчмыг авах төлөвтэй байгааг NDTV телевизийн санал асуулгын дүн харуулжээ. Гэхдээ мягмар гарагт гарах эцсийн дүн санал асуулгын таамаглалаас зөрж магадгүй юм.
Шинэ засгийн газар Энэтхэгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавих төлөвтэй байгаа тул “Adani Group”-т багтдаг компаниудын хувьцааны ханш мөн санал асуулгын дүнгээс шалтгаалан өссөн байна. Тухайлбал, “Adani Ports” компанийн хувьцаа 10 гаруй хувиар, “Adani Enterprises”-ийнх 7 хувиар өсжээ. Мөн Энэтхэгийн цемент үйлдвэрлэгч тэргүүлэгч компаниудын нэг болох “Ambuja Cements”-ийн хувьцаа 6 орчим хувиар өслөө.
“Энэтхэгийн орон сууц, тээвэр, дижитал салбарт дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжлэх төлөвтэй байна” гэж “Global X ETF” компанийн хөгжиж буй зах зээлийн стратегийн мэргэжилтэн Малколм Дорсон CNBC телевизэд мэдээлжээ.
Мөн Энэтхэгийн Төрийн банкны хувьцаа 10 орчим хувиар, ICICI банк болон HDFC банкных 2 гаруй хувиар өссөн байна.