ДОРНОГОВЬ: Хүүхэд бүрийн хүслийг эзэмдсэн "Хүүхдийн баяр"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Дорноговь аймагт хүүхэд багачуудад зориулсан тэмцээн, уралдаан болон “Эгшиглэн энтертаймэнт” урлагийн тоглолт, "Open mic", үдшийн цэнгүүн зэрэг сонирхолтой үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгууллаа.
Аймгийн Цагдаагийн газраас зургаадугаар сарын 1-ний 8.30-16.30 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэ үеэр хүүхдүүд эцэг, эхийн хамт төв гудамжаар чөлөөтэй алхаж, дугуй унаж, танин мэдэхүйн төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцож зугаатай өнгөрүүлсэн юм.
Тус аймаг энэ жилийг “Нээлттэй
Дорноговь”, “Түншлэл хөгжил” зорилтот жил болгон зарлаж, хүүхэд өсвөр үе рүү
чиглэсэн уралдаан тэмцээн буюу өсвөрийн
зохион бүтээгчдийн “Мини робот” тэмцээн, хүүхдийн "Яргуй" их наадам,
"Би эстрадын дуучин" зэрэг улсын тэмцээнийг орон нутагтаа амжилттай
зохион байгуулаад байна. Мөн хүүхдийн “Жаргалан”
зуслан энэ зуны ээлжээ авахаар ажиллаж байна.
“Өсвөр үе, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, өв тэгш, эрүүл чийрэг иргэнийг бэлтгэх зорилгоор аймгийн хэмжээнд 11 төрлийн дугуйлан секцэд 400 гаруй хүүхэд залуус хамрагдаж байгаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр 100 гаруй ажлыг зохион байгуулж үр дүнтэй хэрэгжиж байна” хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.