Хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгос руу дахин илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2024 оны зургаадугаар сарын 2 /Yonhap/. БНАСАУ-аас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг БНСУ-ын нутаг дэвсгэр лүү дахин илгээжээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, орон нутгийн цагаар зургаадугаар сарын 2-ны өглөө Кёнги муж болон нийслэлийн бүсээс 600 орчим ийм бөмбөлөг илрүүлсэн байна. БНАСАУ-аас орон нутгийн цагаар зургаадугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагийн орчимд тэдгээрийг хөөргөж эхэлжээ.
Умардын тал өмнө нь тавдугаар сарын 28-нд хогтой уут дүүжилсэн 260 орчим агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын зүг хөөргөсөн юм. Умар Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жо уг акцыг “БНАСАУ-ын ард түмэн өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхийн” нэг илрэл хэмээгээд Өмнөд Солонгосын идэвхтнүүд ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүд илгээсний хариуг арав дахин өгнө гэж мэдэгджээ. Өмнөдийн идэвхтнүүд хамгийн сүүлд тавдугаар сарын 10-нд суртал ухуулгын хуудсууд бүхий агаарын бөмбөлгүүдийг хөөргөсөн байна.
"Хэрэв өдөөн хатгалга үргэлжилбэл тэвчихэд хэцүү арга хэмжээ авна" гэж Өмнөд Солонгосын засгийн газар тавдугаар сарын 31-нд мэдэгджээ.