Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчид хамтарсан тунхаглал баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2024 оны
тавдугаар сарын 27 /NHK/. Өмнөд Солонгос, Япон, Хятадын удирдагчид бүс нутгийн энх тайван, хөгжил
цэцэглэлтийн төлөө нягт хамтран ажиллахаа амласан хамтарсан тунхаглал баталжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөө өглөө Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян нартай хийсэн хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Гурван орны удирдагчид сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд анх удаа уулзсан нь энэ юм.
Юн Сог Ёль сэтгүүлчдэд хэлэхдээ, гурван орны хамтын ажиллагааны үндэс суурь нь харилцан ойлголцол, итгэлцэл байдаг бөгөөд удирдагчид бие биетэйгээ холбоотой байхын тулд байнга уулзаж байх ёстой гэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, урьдчилан таамаглах боломжтой болгож, нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгохоор тохиролцсон гэж Юн Сог Ёль мэдэгджээ. Түүний хэлснээр, гурван улс байгаль орчны болон бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд мөн хамтран ажиллах ажээ.
Тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ны хооронд хиймэл дагуул хөөргөхөөр Умард Солонгос зэхэж талаар тэрбээр мөн дурдаад, энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн үйлдэл болох тул олон улсын хамтын нийгэмлэг үүнд хатуу хариу өгөх ёстой гэж хэлжээ.