Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Лондон-2012” Олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.
Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч нь түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубийн тамирчин Ц.Очирхуяг байв. Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч тулааныг үргэлжлүүлэхийг татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа байгуулжээ.
У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд рингэнд гараагүй тэрбээр өөрийн клубээ нээж шавь нараа бэлтгэж байсан юм. Тэгвэл ялсныхаа дараа “Хоёр жилийн дараа рингэнд гарах мэдрэмж үнэхээр сайхан байлаа. Надад дахин итгэл өгсөн ялалт байв” хэмээн ярьжээ.