Хятадын гранприд “Улаанбаатар Энержи” түрүүлж, “Завхан Сайнскор” гуравдугаар байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн дууссан ч гранпри, “Их дуулга”-ын шинэ улирлын тоглолтууд үргэлжилж байна.
БНХАУ-д болж өндөрлөсөн гранприд манай улсаас “Завхан Сайнскор”, “Улаанбаатар Энержи”, “Сансар Энержи” баг оролцов. Уг тэмцээнд “Улаанбаатар Энержи” итгэл төгс түрүүллээ.
Тэд хэсгийн тоглолтод Японы “Үцүнояма”, “Шинагава”-г ялсан бөгөөд хасагдах шатанд талбайн эзэн “Үши”, нутгийн баг “Завхан Сайнскор”-ыг, финалд Швейцарын шилдэг баг “Лозанн”-ыг буулган авснаар хоёр дахь удаагаа гранпри ангиллын тэмцээнд цом өргөсөн юм. “Улаанбаатар Энержи”-гийн залуус 2019 онд анх удаа гранприд түрүүлж байсан бол таван жилийн дараа дахин цом авч байгаа нь энэ. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Улаанбаатар Энержи”-гийн Стив Сир тодорлоо.
Тэгвэл “Завхан Сайнскор”-ын залуус гуравдугаар байр эзэлснээр Канадын Эдмонтон хотод зохион байгуулагдах “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэд медаль хүртэхдээ нутаг нэгт “Сансар Энержи” болон Швейцарын “Лозанн”-ыг буулган авч хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар Хятадын “Бээжин”-гийг 21:19-өөр буулган авсан ч хагас шигшээд нутаг нэгт “Улаанбаатар Энержи”-д хожигдсоноор гуравдугаар байрт шалгарлаа.