ӨВӨРХАНГАЙ: Онцгой байдлынхан 20 жилийн хугацаанд 1256 удаагийн аюулт үзэгдэл, осолтой тулгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-24 12:13:07

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын нэгдсэн тогтолцоонд шилжсэн түүхт 20 жилийн ойн баярыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрынхан энэ сарын 22-ны өдөр тэмдэглэлээ.


Энэ үеэр ёслолын парад, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, гамшгийн аюулаас иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажилласан үе үеийн албан хаагчдад төрийн одон медаль, Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн болон бусад шагналыг гардууллаа.



Аймгийн Онцгой байдлын газраас түүхт 20 жилийн хугацаандаа иргэдийн амар тайван амьдралын төлөөх албан үүргээ нэр төртэй биелүүлж, 1256 удаагийн аюулт үзэгдэл, осолтой тулгаран 3759 иргэний амийг, төр-иргэний 24 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Тус байгууллага нь 20 жилийн ойн хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг байгуулж, тус бүр 50м.кв бүхий хоёр албан хаагчийн орон сууцыг бүрэн ашиглалтад оруулжээ. Одоогоор Хархорин суманд гуравдугаар зэргийн гал түймэр унтраах ангийн барилга угсралтыг энэ онд ашиглалтад оруулахаар барьж байна.



Албаны архив, музей зэргийг тохижуулж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2024 он гарсаар 44 алба хаагчид 14.750.000 төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар гамшгийн үеийн 159, гал түймрийн 24 дуудлагыг хүлээн авч, 266 хүний амь, 10 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 

相关新闻