ГОВЬ-АЛТАЙ: "Чүрэ" чуулга Жангар туулийн удиртгал хэсгийг сонирхолтой хэлбэрээр толилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дэргэдэх алтай ятгын “Чүрэ” чуулга Жангар туулийн удиртгал хэсгээр бүрэн хэмжээний тайзны тоглолт хийнэ.
Ирэх сарын эхээр тайзнаа тоглох ба “Чүрэ” чуулгын уран бүтээлчдээс гадна Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хөгжимчин, дуучин, бужигчид нийт бүрэлдэхүүнээрээ оролцохоороо онцлогтой юм.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах" хэмээн заасны дагуу 2022 онд Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дэргэд нэн эртний 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн алтай ятга хөгжмийн "Чүрэ" чуулгыг 20 уран бүтээлчтэйгээр үүсгэн байгуулсан билээ.
Өдгөө "Чүрэ" чуулга алтай ятга хөгжимдөө суурилж 20 төрлийн хөгжмөөр уран бүтээл туурвиж байна. “Чурэ” чуулгын бүрэлдэхүүнд мэргэжлийн хөгжимчид, уран бүтээлчид төдийгүй салбартаа тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа уран бүтээлчид гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Энэхүү хөгжмийг 6 настай балчраас 60 настан богино хугацаанд заалган сурч “Алтайн магтаал” хайлах бүрэн боломжтой. Иргэд олон нийт сурахад маш амархан хөгжмийн зэмсэг гэдгийг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.Отгонбаатар онцлон хэллээ.
Одоогоос 1400 жилийн өмнө монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг сэргээн бүтээх төсөл үргэлжилсээр байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн чуулгын уран бүтээлчид цаашид уран бүтээлээрээ дамжуулан хөгжмийг нийтийн хүртээл болгох тал дээр онцгой анхаарч эхэлжээ.
Алтай ятга хөгжмийг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутгаас булшнаас олж алтай ятгын шинэ түүх эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш өдгөө 15 жил өнгөрчээ. Эртний хөгжмийн зэмсэг алтай ятгын цар нь 2 мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олджээ. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.
Энэ хөгжмийг дахин сэргээснээрээ монгол угсаатны дархлаа хийгээд олон зуун жил дахин бий болох хүний дотоод мэдрэмжүүдийг сэрээж байгаагаараа онцлогтой. Хөг эгшиг, авиа аялгуу нь хүн төрөлхтөнтэй салшгүй нандин зүйл. Энэ ч утгаараа нүүдэлчдийн дуу авиаг заавал эгшиглүүлэн сэргээх нь соёлын бодлогын нэг байж болох юм хэмээж байлаа.
Алтай ятгыг сэргээснээр монголчууд нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа гэдгийг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжим судлаач Д.Ганпүрэв танилцуулсан юм.