ГОВЬ-АЛТАЙ: “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК ШУТИС-ийн оюутнуудыг орон нутагтаа ирж ажиллахыг урилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Б.Цэдэвсүрэн ШУТИС-д Говь-Алтай, Завхан аймгаас суралцаж буй 1-4 дүгээр дамжааны оюутан болон багш нартай уулзаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алсын хараа, хэтийн зорилгынхоо хүрээнд байгууллагын хөгжлийн гарц, амжилтын үндэс нь хүний нөөц буюу ажилтнууд байдаг учир энэ асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн уулзалтын үеэр хэлж байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ,
Инженер, техникийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд манай компанид мэргэжлийнхээ дагуу дадлага хийх, цаашлаад “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д ажиллах бүрэн боломжтой юм. Мөн Говь-Алтай, Завхан аймгаас ШУТИС-д суралцаж байгаа оюутнуудын дунд сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээ онцлон танилцуулсан юм.
Эрчим хүчний салбар нь мэдлэг чадвартай, мэргэшсэн, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн, зах зээлийн өөрчлөлтөд зохицож чадахуйц хүний нөөцтэй байх ёстой. Хүний нөөц бүрдүүлэх ажлыг чухал асуудлуудын тоонд зүй ёсоор оруулж байгаа. Компанид хэрэгцээтэй хүний нөөцийн эрэлтийг нарийвчлан тооцож тэдгээрийг одоогоос системтэйгээр бэлтгэх, хангах үйл ажиллагааг төлөвлөж ажиллаж байна. Тодруулбал, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажиллах санал гаргаж ийнхүү Говь-Алтай аймгийн оюутан залуус, эрдэмтэн багш нартай уулзах, хамтын ажиллагааг өргөтгөхөд анхаарч ажиллах анхны алхам тавигдаж байгаад туйлын таатай байгаа гэдгээ ч компанийн удирдлагууд уулзалтын үеэр илэрхийллээ.
Мөн
түүнчлэн энэхүү ажлын хүрээнд ШУТИС, “Алтай-Улиастайн эрчим хүчний
систем” ТӨХК хамтын харилцаатай
ажиллаж, цаашид хүний нөөц бүрдүүлэлтэд чадвартай, мэргэжлийн инженер, техникийн
ажилтнаар багаа бүрдүүлэн ажиллах тухай өргөн хүрээнд ярьж, санал бодлоо солилцсон
юм.