БУЛГАН: Дундад зууны үед хэвлэлийн газрууд хүрээ хийдийн газарт төвлөрч "Бархан" хэмээн нэрлэдэг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. 35 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриатайгаар Булган сумын Соёлын ордон, Орон нутаг судлах музейн танхимуудад тавдугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, иргэд, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх хүрээнд соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Номын баяраар аймгийн Орон нутаг судлах музей хуучны ном, сэтгүүл, альбомоор үзэсгэлэн дэглэн, Виртуал музейгээр Булган аймгийн түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзүүллээ.
Аймгийн музей Дайчин вангийн хүрээний шашин, соёлын үзэсгэлэн гаргасны "Модон бар" үзмэр үзэгчдэд илүү сонирхолтой байлаа.
"Модон бар"-ын тухай тодруулбал, Монгол улсын ном хэвлэлийн түүхэнд бар хэвлэл чухал байр эзэлнэ. Дундад зууны үед ном хэвлэлийн газар нь хүрээ хийдийн газарт төвлөрч байсан ба хэвлэлийн газруудыг “бархан” хэмээн нэрийддэг байжээ.
XIX зууны сүүл үед бүрэн бус мэдээгээр Ар Монголд 60 гаруй хүрээ, хийд өөрийн бархантай, Өвөр Монголын Шилийн голын чуулганы 10 хошуунд 89 сүм хийд бархантай байв. Хүрээ хийдийн барханд төвөд, санскрит болон монгол хэлээр ном судар өргөнөөр хэвлэн тарааж байсан нь бурхны шашин дэлгэрэхэд их түлхэц болсон ажээ.
Монголын хүрээ хийдийн барханд хэвлэгдсэн шашны хөлгөн судруудын хамгийн том нь 1720 онд Өвөр Монголын Долоннуурын сүмийн барханд хэвлэсэн 108 боть Ганжуур юм. Монгол модон барын аргаар хэвлэж байсан ном судрын дийлэнх нь Энэтхэг, Төвөдийн эрдэмтэн лам нарын зохиол бүтээл байв. Бархны газруудад ном судар хэвлэх үндсэн арга нь анхандаа модон бар байв.
Модон барын хэв сийлэх нь 2 янз байжээ. Хэвийн модон дээрээ үсгийг шууд буруу харуулан сийлэхээс гадна цаасан дээр ердийнхөөрөө бичээд түүнийгээ тослон тодруулж хэв дээрээ буруу харуулж наагаад сийлдэг аргыг өргөн хэрэглэж байжээ