СЭЛЭНГЭ: "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Үндэсний хэмжээнд зохион
байгуулж байгаа "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" үйл
ажиллагаа болж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрүүл
мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил өрнөж буй энэ үед энэхүү үйл
ажиллагааг зохион байгуулж байгаа нь онцлогтой юм.
Тус зөвлөгөөн
нь Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн
дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд
учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл
мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад гол зорилгоо чиглүүлжээ.
Нийгмийн
эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай шинээр батлуулсан хуулийн хүрээнд, мөн
2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан
Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, цаашид авах арга хэмжээ, эрүүл мэндийн
салбарын цахим шилжилтийг эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдад
таниулан сурталчлах, нийтэд мэдээлэл түгээх, нэгдсэн ойлголтод хүргэх зайлшгүй
шаардлага өнөөдөр тулгарч байгааг энэ үеэр дурьдлаа.
Дээрх үйл
ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь “Төрийн бүтээмжийн
сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан
сургалт юм.
Сэлэнгэ
аймагт болж буй энэхүү арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын
Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ, НДХ, ЭМДХ, Төрийн
цахим үйлчилгээний хэлтэс болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, хувийн
хэвшлийн эмнэлэг, эмийн сан, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар, мөн ХЦ-ийн
0101, 0243-р анги, Хорих 413, 433-р ангийн эмч, сувилагч нар, нийт 450 албан тушаалтнууд оролцож байна.
Тус сургалт,
зөвлөгөөн бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион
байгуулна.