ХӨВСГӨЛ: “Эрдмийн сувд” үзэсгэлэнд 300 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-14 17:10:04

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Эрдмийн далай сургуулийн “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны аварга, аймгийн ‘Шилдэг анги” 12д ангийн сурагчдын “Эрдмийн сувд” монгол бичгийн үзэсгэлэнг  Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газарт нээлээ.



Б.Анхбаяр багштай тус ангийн хамт олон 6 дугаар ангиасаа эхлэн монгол бичгээ шамдан суралцаж эхэлсэн бөгөөд 7 жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ үе тэнгийн найзууд, аав, ээж нартаа танилцууллаа.


Ангийн багш Б.Анхбаяр “Миний хувьд суралцагчдад мэдлэгийг дамжуулаад орхих бус хэрэглээг чухалчилж, хүүхэд бүрийн чадварт анхааран сэтгэлийг нь хураан ажилладаг. Ингэснээр шавь нар маань чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй, эх хэлээ эрхэмлэдэг, үндэсний үзэлтэй иргэн болон төлөвшсөн. Иймээс бид “Эрдмийн сувд” үзэсгэлэнгээ толилуулж 300 гаруй бүтээл дэлгэлээ.  



Монгол сэтгэлгээг эх хэл агуулж байдаг. Хүн бүр үндэсний бичиг үсгээ төгс сурч эзэмших хэрэгтэй. Монгол бичиг бол туг сүлд, тусгаар тогтнолын алтан ганжир. “Монгол сэтгэлгээ үгүй болбол тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгаа алдах болно” гэдгийг шавь нартаа хэлж, үлгэр жишээ үзүүлэхийг чиг шугамаа болгон хөдөлмөрлөж ирсэн" гэдгийг онцолж байлаа.       


 

Тус  ангийн хамт олон улсын уралдаан тэмцээнээс 46 алт, 41 мөнгө, 38 хүрэл, аймгаас 71 алт, 92 мөнгө, 50 хүрэл, бүсээс 20 алт, 19 мөнгө, 30 хүрэл, сум, сургуулийн хэмжээнд 82 алт, 95 мөнгө, 50 хүрэл, нийт 634 багц медалийг хүртжээ.




“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны гутгаар байр, дэд болон аварга анги хамт олон болж, уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” уралдааны тэргүүн байрт шалгарч байсан юм.

 

相关新闻