БАЯН-ӨЛГИЙ: Астана хотод монгол, казахын ард түмний өв соёлыг сурталчилсан үзэсгэлэн гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Ойн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Музейн хамт олон Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотын Үндэсний музейд монгол, казахын ард түмний өв соёлыг сурталчлах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.
Тус үзэсгэлэнд аймгийн музейд хадгалагдаж байгаа үзмэрүүд болон түүхэн фото зургууд, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Алтайн хадны сүг зураг, зураачдын байгалийн үзэсгэлэнт газар, монгол, казахын ард түмний өв соёл, зан заншил, шувуулахуйн сэдвээр зурсан зургуудыг дэлгэх аж.
Үзэсгэлэнг 11 дүгээр сард гаргах ба нэг сарын турш үргэлжилнэ. Одоо эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авах, холбогдох бэлтгэлийг хангах ажлуудыг зохион байгуулж байна гэж аймгийн
музейн захирал А.Айшагүл ярив.