ДОРНОГОВЬ: Чингис хааны хангал эхт цагаан туг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг бол өнгөрсөн үйл явдал хийгээд газар орны онцлог байдлаараа эзэн Чингис хааны төрт улсын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн нутаг юм.
Ази, Европыг холбосон торгоны зам, морин өртөө хийгээд эзэнт гүрний үед дайн тулааны зарим үйл явдал энэ бүс нутагт өрнөж байсан түүхэн баримт сэлт олон. Энэ удаа Чингис хааны их сүлд шүтээний дагуул цагаан тугийг Мэргэн засгийн хошуунд тахиж байсан уламжлалын тухай буюу Хангал эхт цагаан сүлдний талаар бэлтгэлээ.
Сайншанд хотын орон нутгийг судлах музейд эзэн
богд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг бий. Эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаад харь улсыг дайлаар
мордож, эзэнт улсаа төвхнүүлэн байхдаа Их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа
улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан тухай шинжлэх
ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам
томоохон судалгааны ажил хийсэн байдаг.
Манж чин гүрний ноёрхлын үед тулгар төрийн шүтээнийг чандлан нууцалж нэг нэгээр нь салган байршуулж байсан бөгөөд 1600-гаад оны үед улсын зүүн өмнөд хил болох Хутаг уулын орчимд 100 орчим дагуулын хамт тахиж байжээ. Эзэнт улсын шүтээн, төр улсын сүр сүлд оршсон, энэхүү цагаан тугийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарсан гэдэг. Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна.
Эзэнт улсынхаа хилийг манаж, төр улсын сүр сүлд оршсон Их сүлдний бага цагаан тугийг мануулахаар 1600-гаад оны үед одоогийн Архангай, Хөвсгөл сумын нутгаас дөч гаруй өрх айлыг Дорноговь аймгийн Хөвсгөл суманд нүүлгэн шилжүүлж байсан тухай Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич Б.Цэндбаяр өгүүлсэн. Хангайгаас говь нутагт нүүж ирсэн иргэд нутгаа санагалзаж гансрахдаа оршин буй газраа Хөвсгөл хэмээн нэрийдсэн түүхтэй.
Их Монгол Улсын цагаан сүлд нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн
үед устгагдсан бөгөөд түүний сэрээ болон ишинд байсан хамгаалагч баатар эрийн
шүтээн, чүн чулуун сахиус нь нутгийн иргэдийн гарт үлдэж хоцорсныг хожим олж
тугийг ном журмын дагуу дахин сэргээж Дорноговийн музейд байршуулжээ.
Монголын их байлдан дагууллын үеийн түүхийг сонирхвол Дорноговьд ирж түүхэн сүлд шүтээнийг үзэх учиртай юм. Мөн Дорноговь аймгийн цэргийн хүрээний байгууллагууд энэхүү чухал үзмэрийг үзэж хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтжээ.