Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-14 11:53:52

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 14 /TASS/. Каннын олон улсын кино наадам өнөө орой Францын Номин эрэгт эхлэх гэж байна. Энэ жилийн наадмын үндсэн шалгаруулалтад 22 кино “Алтан далдуу мод” шагналын төлөө өрсөлдөнө.


77 дахь удаагаа зохиогдож буй уг наадмыг Францын найруулагч Квентин Дюпьегийн “The Second Act” (Le Deuxième Acte) киногоор нээнэ. Энэ оны үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг “Little Women”, “Lady Bird”, “Barbie” зэрэг кинонуудыг бүтээсэн, Америкийн найруулагч, кино зохиолч Грета Гервиг даргалж байгаа юм.


Энэ жилийн наадмын гол шагналын төлөө зохиолч, улстөрч Эдуард Лимоновын тухай “Limonov: The Ballad” хэмээх Оросын найруулагч Кирилл Серебренниковын бүтээсэн шинэ кино, мөн Америкийн найруулагч Фрэнсис Форд Копполагийн шинжлэх ухааны зөгнөлт кино болох "Мегалополис", Грекийн найруулагч Йоргос Лантимосын шинэ бүтээл “Kinds of Kindness”, Италийн найруулагч Паоло Соррентиногийн “Партенопа” зэрэг кино өрсөлдөнө. 


Түүнчлэн Дональд Трампын улстөрчийн замналын тухай иран гаралтай Шведийн найруулагч Аль Аббасигийн бүтээсэн “The Apprentice”, Шон Бейкерийн “Anora”, Канадын найруулагч Дэвид Кроненбергийн “The Shrouds”, Италийн нэрт жүжигчин Марчелло Мастрояннигийн тухай Францын найруулагч Кристоф Онорегийн бүтээсэн "Marcello Mio", Хятадын найруулагч Жя Жанкэгийн " “Feng liu yi dai", Вьетнамын дайнд оролцохгүйн тулд Канад руу дүрвэсэн, зүүний үзэлт кино найруулагч Леонард Файфийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн, Америкийн найруулагч Пол Шрадерын "Oh, Canada" зэрэг кинонууд үндсэн уралдаанд шалгарчээ. 


Шведийн найруулагч Мангус фон Хорнын “Girl with the Needle”, Их Британийн найруулагч Андреа Арнольдын “Bird”, Бразилын найруулагч Карим Айнузын “Motel Destino”, Францын найруулагч Жак Одиарын “Emilia Perez”, Корали Фаржеагийн "Substance", Португалын найруулагч Мигел Гомешийн "The Grand Tour", найруулагч Паял Кападиагийн “All We Imagine as Light”, Францын найруулагч Жиль Леллушийн “Beating Hearts” (L'Amour ouf), Агат Ридингерийн “Diamond in the Rough”, найруулагч Мохаммад Расулофын “The Seed of the Sacred Fig”, Румыний найруулагч Эмануэл Парвугийн “Three Kilometres to the End of the World”, Францын найруулагч Мишель Хазанавичусын “The Most Precious of Cargoes” (La Plus Précieuse des marchandises) зэрэг кинонууд мөн өрсөлдөх юм. 


Каннын кино наадам тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр үндсэн уралдаан болон “Un Certain Reard” төрлийн шилдгүүд тодорно.


"Classics of Cannes" хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоногийн туршид кино урлагийн алтан санд багтсан кинонуудын сэргээн засварласан хувилбаруудыг үзүүлэх бөгөөд тэдгээрийн дотор ой нь тохиож кинонууд багтжээ. Тухайлбал, наадмын үеэр Акира Куросавагийн “Долоон самурай” (Shichinin no samurai, 1954) кино дэлгэцнээ гарсны 70 ой, Жак Демигийн “Шербургийн шүхэр” (Les parapluies de Cherbourg, 1964) мюзикл киноны 60 жилийн ойг тус тус тэмдэглэх юм. 



相关新闻