БУЛГАН: Оны эхний 4 сарын байдлаар 11650 зөрчил гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Булган аймгийн прокурорын газраас хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, 19 байгууллагын 80 удирдах болон эрх бүхий албан тушаалтан оролцжээ.
Зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хуульд орсон
нэмэлт өөрчлөлтийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмуудын талаар мөн зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн талаар сургалт явууллаа.
Зөвлөгөөнд аймгийн цагдаагийн газраас “Зонхилон гарч байгаа зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлүүлэх асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.
Булган аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, улсын бүртгэлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн болон байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил зонхилон гарч байгаа бөгөөд энэ оны эхний 4 сарын байдлаар 11650 зөрчил гарснаас 11313 буюу 97 хувийг хялбаршуулсан журмаар, 337 буюу 2.8 хувьд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна.