ДОРНОГОВЬ: Ингэн буйлаатай, ботгон гунганаатай "Нялх ботгоны баяр"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Намар орой хур их унаж өвөлдөө цас их орсноос тэр үү Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутгаар агь таанын үнэр ханхалж зуны улирал хэдийнээ айлсжээ.
Сайншандаас баруун хойд зүгт 30 гаруй км газарт энэ хавар төрсөн нялх ботгонууд тал дүүргэн гунганаж, хараа цуцах уудам талыг сэрээх шиг боллоо. Сайхандулаан сумын “Хутагтын говийн тэмээчин” хоршооны малчид өсгөж үржүүлсэн 1000 гаруй тэмээн сүргийг сурталчилж, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нялх ботгоны баяр”-ыг анх удаа энэ оны тавдугаар сарын 12-нд тэмдэглэсэн юм.
Хоршооны гишүүд нийлж 100 ботго зэл дүүргэн уясан бөгөөд ирсэн зочид гийчдэд 30 мянган төгрөгийн тасалбараар атан тэмээ унаж, нялх ботгоны уралдаанд оролцох, эмнэг тэмээ туйлах торгон агшныг мэдэрч, ингэний хоормог буцалгааг малчны хотноос худалдан авах боломжийг олгосон байна. Ялангуяа тасалбар авсан гийчдэд зориулж нялх ботгоноос сонголт хийж өөрийнх нэр дээр уралдуулсан нь хамгийн сонирхолтой хэсэг байлаа.
Ирсэн гийчид ботгоо зүс, дугаараар нь сонгож уралдааны замд гаргаад хурдан морьд уралдуулах уяачид шиг алсаас саравчлан хүлээж зогссон юм. Нийт 70 гаруй ботго уралдааны замд гарч эхний таван ботгыг барин урамшуулсан. Өөр нэг үзүүлбэр нь эмнэг тэмээ туйлсан нь мөн л олны анхаарлыг татав. Үүнээс гадна монгол тэмээ дэлхийн гайхамшиг илтгэл, монгол тэмээг хэр сайн мэдэх вэ, АХА тэмцээн, хавтгайн эрлийз хурдан тэмээний сугалаа зохион байгуулж азтаныг шалгарууллаа.
Энэ үйл ажиллагаа нь хоёр бөхтэй тэмээг сурталчлах, тэмээн соёлыг дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад үндэсний өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой төдийгүй говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал санаа болохыг зохион байгуулагчид онцолж байсан.
Их Өлзийт хайрханы ивээл нөмөрт орших энэ нутгийнхны нэгэн бахархал бол тэмээн сүрэг юм. 1956 онд тус суманд Говийн хөгжил нэртэй нэгдэл байгуулагдсанаас хойш энэ нутгаас улсын аварга малчин тэмээчин, С.Болд, Г.Түмэнжаргал, Н.Даваа, Ж.Ганбаатар, С.Банди, Д.Намжилмаа гээд арав гаруй аварга тэмээчин төржээ. 1985 онд тус сум түмэн тэмээ тоолуулж буйлаа дээдлэн залж нутагтаа тэмээний баяр тэмдэглэж байсан.
Хамгийн сүүлд 2024 онд “Алтан ботгоны”-ны эзнээр Улааншороот багийн малчин Ц.Ганцоожийн гэр бүл шалгарсан байдаг. Дорноговь аймаг 53 мянган толгой тэмээтэй. Үүнээс Сайхандулаан сум 5.5 мянган тэмээ тоолуулж аймагтаа тэмээн тоо толгойгоор дөрөвдүгээр байрт жагсдаг.
Ийнхүү тэмээн сүргээр бахархаж тэмээн сүргээ
хайрлан хамгаалах, аялал жуулчлалыг татах зорилго бүхий “Нялх ботгоны баяр” хол ойрын зочин ихтэй, үзэж сонсох, ярих хуучтай өргөн дэлгэр сайхан боллоо.