Монголбанк бодлогын хүүг хоёр сарын дараа дахин нэг нэгжээр бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-13 15:27:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр боллоо.

Хурлаар улс орны эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр, мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг тайлбарлав. Үүнд инфляцын түвшин голлон нөлөөлжээ.


Жилийн инфляц энэ оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, нийслэлд 6.1 хувьтай гарав. Импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлагатай, үргэлжилж байна. Зэрэгцээд дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжиж байна. Ингэснээр инфляц буурч буйг Төв банкны тэргүүн хэлэв.


Цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө буурууллаа.

Гадаад эрэлт, экспортын биет хэмжээ өндөр байна. Энэ нь орох урсгал, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлт таатай байгаа хэдий ч ҮСХ-ны урьдчилсан мэдээгээр 6.3 сая мал хорогдсон нь эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан малын зүй бус хорогдол өвлийн саруудад огцом нэмэгдсэн нь ХАА-н салбарын үйлдвэрлэл, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж буйг тэрбээр хэллээ. Бодлогын энэ шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ хэмээн мэдэгдлээ.


Мөнгөний бодлогын хороо энэ оны гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг мөн нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсан. Тэгвэл хоёр сарын дараа ийнхүү дахин нэг нэгжээр буурууллаа.


Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй санхүүжилтийг эс тооцвол бизнесийн зээл өсөөгүй байгаа нь зээл санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байна.

Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбарын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцөлийг сулруулж бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүссэн гэж үзэн, мөнгөний бодлогыг сулруулжээ.

相关新闻