ГОВЬ-АЛТАЙ: Тайширын усан цахилгаан станцыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Хишигхүүгийн нэрэмжит болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар хуралдаанаар Тайширын усан цахилгаан станцыг Төр нийгмийн зүтгэлтэн Г.Хишигхүүгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Тайширын усан цахилгаан станцын дэргэд түүний хөдөлмөр бүтээлийг алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор гэрэлт хөшөө босголоо.
Хөшөөг нээх үйл ажиллагаанд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, Тайширын усан
цахилгаан станцын хамт олон болон эрчим хүчний салбарын үе үеийн алба хаагчид, түүний
гэр бүл, ахан дүүс, найз нөхөд оролцож гавьяа алдрыг нь мөнхжүүлсэн юм. Хишигхүү
агсан төр нийгэмд 40 гаруй жил ажилласнаас 20 гаруй жилийг нь эрчим хүчний салбарт зориулсан эрхэм
хүмүүн юм.
Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын өмнөх бүтээн байгуулалт, ашиглалтад хүлээлгэн өгөх, ашиглалтын дараах зөвлөх инженер гэх мэт бүхий л үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан Алтай нутгийн чадвартай инженерүүдийг нэг юм. Тэрээр Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн бүтээлч хувь нэмрээ оруулсан, өөрийн эрхэлсэн ажлын мэдлэг, чадвар өндөртэй, удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай, үнэнч шударга, хамт олныхоо дунд нэр хүндтэй ахмад ажилтан байсныг мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхдүүд нь дурсан ярьж байлаа.
Түүний гар бие оролцсон Тайширын усан цахилгаан станц өдгөө Говь-Алтай, Завхан аймгийн олон мянган хэрэглэгчийг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахын зэрэгцээ, 2008 оноос хойш улсын төсөвт 148 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Хишигхүү агсан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч ажилласан. Тодруулбал, Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад түүний санаачилга, хувь нэмэр оролцоо их гэдгийг хамт олон нь онцолж байв.
Завхан голын усыг Улаан боомын хавцалд далан байгуулж хуримтлуулснаар Монгол Улсын түүхэнд хүний гараар бүтсэн “Гэгээн” нэртэй анхны том нуур бий болж, талбай нь жилээс жилд тасралтгүй нэмэгдсээр байгаа билээ. Гэгээн нуур нь одоо нугас, галуу, хун зэрэг нүүдлийн шувуу чуулсан, монгол хадран, алтайн сугас зэрэг загас жараахай наадсан хол ойрын хүмүүс ирсэн, буцсан зочдын нүдийг хужирласан газар болоод зогсохгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19000 гаруй хэрэглэгчийн стандартын шаардлага хангасан ундны усны эх үүсвэр болоод байна.