Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байх тогтоолын төслийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XXII хуралдаан өчигдөр хуралдаж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байх тогтоолын төслийг баталлаа.
Аймгийн ИТХ-ын XXII хуралдаанаар 2024 оны намар болох орон нутаг /аймгийн ИТХ-ын/-ийн сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын
тоо, дугаар, төвийн байршлыг тогтоож баталлаа.
Тогтоолын төсөлд аймгийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад аймгийн
төвийн сумын баг тус бүрд 1, Ерөө, Сайхан сум тус бүрд 2, Мандал суманд 5,
бусад сум тус бүрд 1 тойрог байгуулж, нийт 30 тойрогтой байхаар тогтлоо. Мөн
тойрогт ногдох мандатын тоог 41 байхаар болов.
Тодруулбал, 2024 оны орон
нутгийн сонгуулиар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын мандатын тоо
41 болж өмнөхөөс 4 мандатаар нэмэгдэж байгаа. Энэ 4 мандатыг Алтанбулаг
суманд 1, Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багт 1, Мандал суманд 1, Сайхан
суманд 1 байхаар нэмэгдүүлэн тогтоолоо.