Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 191 дүгээрт жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-05 10:56:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудын шинэчилсэн чансааг өчигдөр гаргажээ.


Нөхөрсөг тоглолтуудын дараа гаргасан уг чансааг Аргентин тэргүүлсэн хэвээр бол Францын шигшээ удаалж байна. Харин Бельгийн шигшээ Англитай байраа сольжээ. Түүнчлэн Португал, Нидерландын байр солигдсоныг эс тооцвол топ 10-т өөр өөрчлөлт гарсангүй. Харин Ази тивийн шигшээ багуудын чансааг Япон улс тэргүүлсэн бол Иран, Өмнөд Солонгос, Австрали, Катар зэрэг улсууд удаалжээ. Энэ удаагийн шинэчилсэн чансаагаар Индонез найм, Афганистан долоон байраар ахисан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Вьетнамын шигшээ 10 байраар ухарчээ.


Тэгвэл Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаанд FIFA-д бүртгэлтэй 210 орноос 191 дүгээр байрт бичигдсэн байна. Монголын багийн хойно Пакистан, Гуам, Сан Марино, Зүүн Тимор, Тонга, Бахамас, Лихтенштейн, Шри Ланк зэрэг 19 орон жагсав.


Харин эмэгтэйчүүдийн чансааг Испани тэргүүлсэн хэвээр байгаа бол Англиийн шигшээ хоёр байраар ахиж дэд байрт жагслаа. Топ аравт Азиас Япон багтжээ. Харин Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 193 орноос 128-т бичигдсэн байна.

相关新闻