БАЯНХОНГОР: Нүдний эрүүл мэндийг хамгаалах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нүдний өвчний эрт илрүүлэг, нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг, дадал олгох хөтөлбөр Баянхонгор аймагт хэрэгжинэ.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн удирдлагууд Канад улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонсоор ахлуулсан ажлын багийг хүлээн авч уулзан, хөтөлбөрийн талаар зөвлөлдлөө.
Баянхонгор аймгийн 20 суманд тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийг үзлэгт хамруулах хувийг нэмэгдүүлэх, иргэдийн болор цайх болон хараа муудах олон шалтгааныг эрт үед нь илрүүлж, эмчлэхэд чухал ач холбогдолтойг талууд уулзалтаар ярилцав.
Мөн нүдний арчилгааг хэрхэн хийх, хамгаалах талаар нөлөөллийн ажлыг олон нийтийн дунд хүртээмжтэй олгосноор иргэд өөрсдөө нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх маш том дадалтай болох юм.
Монголын нийт хүн амын хамгийн түгээмэл бэрхшээлийн нэг бол харааны асуудал байдаг. Энэ үүднээс холын хараа муудах олон шалтгааныг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжийг иргэдэд олгож буй тус хөтөлбөрийг Баянхонгор аймаг Канад улсын Лаурел сан, Эрдэнэ ресурс, Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлнэ.