СҮХБААТАР: Уурхайн ажилчид 30 орчим тэвш сэг зэмийг тээвэрлэн устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зарласан "Хамжихгүй бол амжихгүй" аянд
орон нутгийн хувийн хэвшлийнхэн нэгдэж эхэллээ. "Талын гал" компанийн хамт олон Талбулагийн уурхайгаас гурван чиглэлд
ажиллаж, нийт 29 цэгээс 30 орчим тэвш сэг
зэмийг тээвэрлэж, уурхайн бүсэд зориулалтын
ухаж ариутгасан нүхэнд булж устгажээ.
Тодруулбал,
Талбулагийн урагш болон баруун, баруун урагш
чиглэлд 30 км зам дагуу зудад хорогдсон бод, богийн сэг зэмийг цэвэрлэжээ. Энэ чиглэлийн хэсэг газарт сэг зэмийн овоолго үүссэн байснаас гадна 20 гаруй өрхийн өвөлжөөг цэвэрлэж, 896 м3
талбайг ариутгасан байна.
Уг ажилд 10 хоног зарцуулсан бөгөөд тус уурхайн найман ажилтан,
таван техник ашиглаж, 930 км замыг туулжээ.
Тус
хамт олон бусад уул уурхайн компаниудыг ч мөн дээрх аянд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах ажилд манлайлан
оролцохыг уриаллаа.
"Хамжихгүй бол амжихгүй" аяны хүрээнд төрийн байгуулагууд ч мөн нэгдэж, харьяа нутаг дэвсгэр дэх сэг зэмийг цэвэрлэж байна.