ОРХОН: Эрдэнэтийн залуус эко модон тоглоом үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр
сарын 1 /МОНЦАМЭ/. Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй “Агар
төгөл” ХХК-ийн захирал О.Батсуурьтай уулзлаа.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн цехэд тоон удирдлагатай
суурь машины техникийн засварчнаар ажилладаг. 2000 онд найзтайгаа хамт эко модон тоглоом
үйлдвэрлэхээр эхний тоног төхөөрөмжөө зээлээр авч үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
“Эко модон тоглоомын түүхий эд нь хүнсний зориулалтаар ашигладаг модон хавтангуудыг ОХУ-аас тусгайлан захиалж авчирдаг тул хүний биед сөрөг нөлөөгүй, үнэргүй, хүүхдүүдэд нэн тохиромжтой тоглоом” гэж О.Батсуурь хэлж байна.
Тус хавтангаар эхлээд Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн болгож хөшөө, дурсгалын
зүйлсийг үйлдвэрлэж байсан бол одоо 21 аймгийн
түүхэн, дурсгалт газруудыг хавтан дээр хэвлэж эвлүүлдэг байдлаар
худалдаанд гаргаж байна.
Гэхдээ үүнийг хийхэд түүх, судлаачидтай хамтрах шаардлагатай байгаа гэнэ.
Учир нь эвлүүлдэг тоглоомынхоо зургийг дарж QR код уншуулахад тухайн дурсгалт газрын мэдээлэл утсан дээр
нь гарч ирэх тул түүхчидтэй хамтрах төслийг мөн бичжээ.
О.Батсуурь хэлэхдээ, “Бид бизнесээ өргөжүүлэх гэж олон талаас нь хичээж байна. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахаар тогтмол орлого олж чадаагүй үед санхүүгийн асуудалтай тулгардаг. Яг ийм эгзэгтэй үед бид орон нутгийн удирдлагуудад хандахад, хуучин Өрхийн эрүүл мэндийн төв болгон ашиглаж байсан байрны цахилгаан, дулааны хэрэглээг өөрсдөө төлөөд 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл өгсөн. Энэ бол маш том дэмжлэг болсон.
Мөн улсын төсвөөс хэрэгжүүлж буй жижиг,
дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдаж төрөл бүрийн гадаргуун
дээр хэвлэх зориулалттай тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаатай ашиглах гэрээ
байгуулан ажиллаж байгаа минь бизнесээ тогтворжуулахад дөхөм болж байна” гэсэн
юм.
Тус компани эхлээд Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд цаашид танин мэдэхүйн ач холбогдолтой Монгол орноо сурталчилсан эко модон тоглоомыг дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллана гэж ярив.