БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд 311 айлын орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод өнгөрсөн онд иргэн, аж ахуйн нэгжүүд 173 айлын 6 орон сууц барьж ашиглалтад оруулсан.
Ийнхүү аймгийн төвд байгаа нийтийн орон сууцын тоо 73 болж, 1694 айл буюу 8300 орчим хүн орон сууцад амьдрах боломж бүрдэж байна. Орон сууцад амьдардаг иргэдийн тоо хотын нийт хүн амын 20,4 хувийг эзэлж байгаа.
Харин энэ онд иргэн, аж ахуйн нэгжүүд Өлгий хотод 311 айлын 15 орон сууцын барилга барихаар зөвшөөрөл авсан байна.
2014 онд баталсан Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд 25998, 2030 онд 31248 иргэн орон сууцад амьдарна гэж төлөвлөжээ. Гэвч одоогийн байдлаар орон сууцын хангамж төлөвлөгөөнөөс 3 дахин бага байна.
Орон сууцын хангамж тааруу байгаа нь аймгийн төвд барих газар байхгүй, газар чөлөөлөх асуудал хүндрэлтэй, барилгын материал болон орон сууцын үнэ их, мэргэжлийн инженер, баг ажилчдын хангамж дутмаг байгаатай холбоотой байна.
Иймээс цаашид инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг нэмж барих, засварлах,
хүн амын өсөлтийг даган хотын авто зам, зарим гэр хорооллыг дахин төлөвлөх,
цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай хэмээн
барилгын инженерүүд үзэж байна.