Ө.Сэнгэсамдан Хятадын “Супер тархи” шоунд ялжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-25 11:22:27

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын оюун ухааны академийн ахлах багш, ой тогтоолтын шигшээ багийн дасгалжуулагч, 2015 оны Ази тивийн аварга, их мастер Ө.Сэнгэсамдан тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой Хятадын хамгийн олон үзэгчтэй “Супер брайн” буюу “Супер тархи” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, ялалт байгууллаа.


Түүний өрсөлдөгч нь Гуо Фейрон байсан бөгөөд тэрбээр “Супер брайн” шоуны 11, Бүх Хятадын гурван удаагийн аварга Жанг Шинрон, 2023 оны дэлхийн аварга Хуан Жин Яао нарыг ялж байжээ.


Манай тамирчин өгөгдсөн даалгаврыг 13 минутад ямар ч алдаагүй гүйцэтгэснээрээ энэ шоунд ялагчаар тодорсон байна. Тэгвэл түүний өрсөлдөгч манай тамирчнаас долоон минутаар хоцорч даалгавраа гүйцэтгэжээ.


Ө.Сэнгэсамдан ялсныхаа дараа, “Миний гол зорилго бол өөрийгөө ялах, удирдах, төвлөрөх байлаа” гэсэн бол түүний өрсөлдөгч Гуо Фейрон “Монголын тамирчин үнэхээр мундаг байлаа. Түүнийг сайн гэдгийг мэдэж байсан. Би удаан байсан ч алдахгүйг л хичээлээ” хэмээн ярьжээ. 



相关新闻