Мексикийн оюутнууд Ангараг дээр ажиллах робот зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНГВАДАЛАХАРА. /Xinhua/. Ангараг гарагийг судлах роботын анхны загварыг Мексикийн их сургуулийн 10 оюутан зохион бүтээсэн нь НАСА болон Олон улсын сансар судлалын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болжээ.
“Энэ бол бүхлээрээ Мексикийн загвар” гэж багийн гишүүн Брайн Перез хэлэв.
Тус багийн гишүүдийн 9 нь Мексикийн Үндэсний их сургуулийн оюутнууд бол нэг нь Үндэсний Политехникийн дээд сургуулийн оюутан ажээ.
Сансар судлалын шинжлэх ухаанд шинийг санаачлах мэдлэг, ур чадвар мексикчүүдэд бий гэдэгт бид итгэлтэй байна. Энэ бол зөвхөн эхлэл гэж Перез хэллээ.
Энэ робот нь газар нутгийг зураглах зориулалттай камер, их бие дорх гуравдагч камер, дээш цуглуулах хавчаараар тоноглогдсон байна. Үүний зэрэгцээ уг робот нь хиймэл хараа, газар нутгийг зураглах болон зам сонгох чадвартай ажээ. Мөн Ангараг гарагийн гадарга дээрээс дээж авах, хадгалах, хайх чадвартай.
Уг роботыг бүтээсэн баг 2015 болон 2016 онд “Дээж авчрах робот” тэмцээнээс /Sample Return Robot Challenge/ шагнал хүртэж байжээ. Ангараг гарагийн робот бүтээх уг тэмцээнийг НАСА их сургууль болон компаниудын дунд зохион байгуулдаг байна.
Бидэнтэй адил технологи, аргачлал хэрэглэдэг АНУ-ын томоохон их сургуулиудаас бид дутахгүй. Тэдний давуу тал гэвэл төслөө хэрэгжүүлэх эх үүсвэр нь тэдэнд илүү их байдаг гэж Перез ярьж байна.
Тус баг хоёр жилийн турш ажиллаж байгаа бөгөөд энэ робот нь тэдний хоёр дахь бүтээл ажээ. Үүнийг бүтээхэд есөн сарын хугацаа, 9285 доллар зарцуулсан байна.
Д.Нямтулга