“Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар өчигдрөөс эхлэн бүртгэж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ.
Өнгөрсөн жилийн “Улаанбаатар
марафон”-д 30 орны 25 мянган гүйгч бүтэн марафон, хагас марафон, 10000 м, 5000 м,
1500 метрийн гэр бүлийн гүйлт, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэдийн, оюуны
бэрхшээлтэй хүүхдүүдийн 800м, 500м-ийн зэрэг төрөлд зайд оролцож байсан юм.